​Хамгийн анхны нарны зайн хавтан замыг ашиглалтад оруулжээ

Дэлхий дээрх хамгийн анхны нарны зайн хавтангаар хийсэн явган хүний замыг Францын Турово-О-Першид ашиглалтад орууллаа. 2,880 ширхэг нарны эрчим хүч үүсгүүр хавтантай нэг километр орчим урт үргэлжлэх уг замыг албан ёсоор нээх ажиллагаанд тус улсын Байгаль орчны сайд Сеголен Руяаль оролцсон байна. Гүйцэтгэлийн ажлыг хариуцсан “Colas‘ Wattway” технологийн компани цаашид цэвэр эрчим хүчээр цахилгааны асуудлаа шийдэх энэхүү туршилтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж. Тус зам нь 3,400 хүнтэй жижиг хотын гудамжны гэрэлтүүлгийн цахилгааны эх үүсвэрийг хангах хүчин чадалтай юм байна.

Дэлхий дээрх анхны нарны хавтан замыг байгуулах төсөлд Франц улс 5.2 сая доллар зарцуулжээ. Хавтангуудыг гэмтэхээс сэргийлж, уян хатан байлгахын тулд 5 давхар силикон хучлагаар хамгаалжээ. Уг зам нь цаг агаараас үл хамааран жилийн турш хоногт 280 мегаватт цаг эрчим хүчийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Түүнчлэн зуны цагт хоногт 1,500 киловатт цаг цахилгааныг үүсгэснээр өдөр тутам 767 киловатт цаг эрчим хүчийг урьдчилан гаргах боломжтой аж.

Эрчим хүчийг шинэлэг арга барилаар гарган авах уг нарны хавтан замын ашиглалтын хугацаа, цахилгаан үйлдвэрлэх боломжийг хоёр жилийн хугацаанд туршжээ. “Colas‘ Wattway”-ийн захирал Жан-Чарлиз Бройзат энэ талаар ярихдаа, “Бид одоо ч туршилтын үе шатандаа явж байна. Энэхүү нарны хавтан зам бол бидний хувьд жинхэнэ технологийн дэвшлийг авчирч чадлаа. Анхны туршилтыг ийнхүү хийснээр манай үйлдвэрлэл, технологийн шинэчлэлд, нарны хавтан суурилуулах ажлаа эрс сайжруулан хөгжүүлэх томоохон боломжийг олголоо”  хэмээн өгүүлсэн юм.

Гэхдээ нарны хавтан зам тавьсан явдалд хүн бүр таатай хандсангүй. Зарим иргэд засгийн газар үр ашиггүй зүйлд хэтэрхий их мөнгө зарцуулж байна хэмээн таагүй хүлээж авчээ. Гэсэн ч Франц улс цаашид нарны зайн хавтангуудаар 1,000 километр зам барихаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: Барилга.М

Н